Ги де Мопассан: Зэрэмдэгүүдийн эх

Баячууд, дээдсийнхний цуглах дуртай наран шарлагын газар олонд зард гарсан, нийтээр хөл алдан шагширдаг, залуухан, гоо үзэсгэлэнтэй, эрхэм бүсгүйтэй таарснаар тэр нэгэн гутамшигт явдал, гутамшигт бүсгүй санаанд минь орж ирэв.   

Эртний явдал боловч мартахын аргагүй зүйл байсан юм. Хөдөөгийн бяцхан хотод суудаг нэг анд маань намайг урьж билээ.   

Очтол нөхөр маань надад сонин сайхан, содон гойд гэхээр байшин барилга, балгас туурь, сүм хийд, хөшөө дурсгал, сийлбэртэй хаалга үүд, их том эсвэл этгээд хэлбэр галбиртай ургасан мод, халил хавцал, гэгээн Андрейн царс гээд нутгийн өнгөтэй өөдтэй, хүний нүдэнд торох болгоныг үзүүлэх гэж хэдэн өдөр амс хийлгүй дагуулж явсансан.

Тэгсэнээ нэг өдөр санасандаа хүрэв бололтой их л сэтгэл хангалуун уухилж байснаа за ер нь одоо гүйцсэн шиг байна аа гэхэд нь би ч бас сэтгэл амран ашгүйдээ, модны сүүдэрт хэсэг амарч хэвтэж болох нь гэж бодож амжаагүй байтал дуу алдсанаа:
-Нээрээ тийм! Манай эндэхийн "зэмдэгүүдийн эх"-ийг үзүүлэх хэрэгтэй юм байна гэхэд нь би   

-Юун зэмдэгүүдийн эх? гэж асуухад тэрбээр
-Нэг муухай авгай бий, ад чөтгөр л гэсэн үг. Жил болгон хүн харахын аргагүй аймшигтай, дутуу зэмдэг хүүхэд төрүүлэн худалдаж амьдардаг юм. Зулбадасыг нь авдаг арчаагүй юмнууд тэднийхээр өмнөхөөсөө илүү аймшигтайг төрүүлж үү үгүй юу хэмээн эргэлдэн санаанд таарвал авч, түрээс төлдөг юм.   

Одоо арван нэгэн зулбадас гаргаж, бүр баяжчихаад байгаа юм. Чи намайг тоглоод байна гэж бодоод байна аа даа. Огт үгүй. Би чамд үнэн юм ярьж байна. Ерөөсөө очъё, дутуу зэмдэг хүүхэд яагаад гаргах болсон тухайг нь дараа ярья гээд хотын зах руу дагуулан хөдөлж билээ.   

Бидний зорьсон бүсгүй замаас холгүй орших нэгэн тохитой, жижгэвтэр байшинд суудаг ажээ. Дөхөж очвол бүгд цэвэр цэмцгэр, байшингийн гадуур анхилуун тансаг үнэртэй цэцэгс дүүрэн ургах ажээ. Өмнө нь нэг нотариус суудаг байсан гэнэ.   

Гэрийн үйлчлэгч бүсгүй биднийг тосон хөдөөгийн ердийн нэгэн зочны өрөөнд оруултал өнөө авгай гарч ирлээ.
Дөч эргэм настай, биерхүү, эзэрхэг төрхтэй ч аятайхан гэмээр чийрэг, чанга биетэй, жирийн нэг тариачин бүсгүй гэмээр, хагас араатан-хагас эмэгтэй зогсож байлаа.   

Тэрбээр өөрийг нь олон түмэн буруутган зэмлэдэгийг мэддэг бололтой, зочлоор ирэгсдийг хүлцэнгүй хэрнээ цаанаа л нэг үзэн ядсан байртай угтах ажээ.   

-Та нарт юу хэрэгтэйсэн бол? хэмээн асуув. Тэгэхэд анд маань:
-Таны бага хүүхдийг бусадтайгаа огт адилгүй, эрүүл саруул хүүхэд гарсан гэх юм. Үнэн эсэхийг магадлая гэж бодоод ирлээ. Тэр үнэн үү? гэв.   

Уурсаж улангассан харц духан дороосоо шидлэснээ
-Үгүй дээ үгүй, ноёнтон минь! Харин бусдаасаа бүр илүү аймшигтай хүүхэд гарсан. Ёстой нэг хувьгүй хүн юм аа, би ч. Бүгд л нэг тийм хэцүү улс гарах юм, ямар гай нь болохоороо тийм байдаг юм!
Бурхан тэнгэр яагаад ганц намайг ингэж цээрлүүлээд байдаг юм бол? Хувьгүй би яачихсан юм бол?   

Тэрбээр харцаа доош буулган, хурдан ярих бөгөөд, айж хярсан араатан шиг үзэгдэх ажээ.   

Дууныхаа өнгийг зөөллөх гэж илт хичээх боловч тасралтгүй гүйж харайж, ульж орилоход зохицсон мэт үзэгдэх лагс том, ясархаг бадриун бие хаатайгаа зохимгүй нэг л жигтэй, гиншигнүүр, хуурмаг сонсогдох ажээ.

Анд маань:
-Харж болохсон болов уу? хэмээвэл нүүр нь улс хийх шиг болов. Би буруу ч харсан байж магад. Хэсэг дуугүй байснаа огцомхоноор:
-Танд ямар хэрэг байна? гээд толгойгоо өндийлгөн, цоргих мэт харав. Анд маань:
-Та яагаад бидэнд үзүүлэхгүй гээд байгаа юм? Уг нь та олон хүнд үзүүлдэг шүү дээ. Та намайг хэний тухай яриад байгааг мэдэж байгаа!   

Бүсгүйн тэвчээр барагдав бололтой дуугаа ч намсгалгүй, үзэн ядаж байгаагаа ч нуулгүйгээр:
-Та нар яах гэж ирсэн юм, аа? Надаар тохуурхах гээ юу? Миний хүүхдүүд араатан амьтантай адил төрсөн гэж үү, тийм үү? Та нарт үзүүлэхгүй, үзүүлэхгүй, үзүүлэхгүй! Зайлцгаа, эндээс! Та нар ер нь надаар яах гээд байгаа юм бэ?   

Хамаг биеэ хураан бидэн рүү шахан дөхөв. Түүний дуугаар хажуугийн өрөөнд гаслаж гангинах мэт жигтэй чимээ гарлаа. Тэр чимээнээс би гэдэг хүн айн түгшиж хамаг биеэ хураасан байж билээ. Бид ч ухарч эхэлсэн.   

Харин анд маань зоримог дуугаар:
-Шулам минь чи, / олон түмэн Шулам гэдэг байжээ / яллагдах л болно доо! гэв.   

Уурандаа чичрэн дагжиж, гар хөлөөрөө савчих тэрбээр:
-Зайлцгаа! Би яасан гэж яллагдах юм? Зайлцгаа муусайн шаарнууд! хэмээн ухаангүй чарлана.
Хоолойд асчих шахах учир бид хоёр ч ухран гарч билээ. Дотор тун тавгүй болсон. Гарсанаа нөхөр маань
-За тэр? Харав уу? Хэцүү байгаа биз? гэхэд нь би
-Одоо наад хачин амьтныхаа тухай ярьж үз гэж билээ.   

Анд маань надад хаа нэг сэрвэлзэх салхины аясаар намирах тариан түрүү намуухан долгилох тэнгис лугаа адил үзэгдэх тариан талбай дундуур гарсан өргөн цагаан замаар аажуухан алхангаа ярьж билээ.

Бүсгүй эхлээд нэг фермийн хөлсний ажилчин байжээ. Ажилсаг, тохитой, илүү дутуу зангүй, харцуултай орооцолдож элдэв ярианд өртдөггүй нэгэн байсан гэдэг. Өдрийн төөнөм халуунд газар дэлхий улайссан зуух мэт болж, үдэшдээ төөнөх тэр цагаар, ажилдаа алжааж чилээрхсэн залуус ургацын талбай дээр хөлсөө асгаруулан тарвалздаг тэр жишгээр, тэнгэрийн хаяанд аадрын үүл хуралдан сэрүү татан сэнгэнэж бүхнийг сэргээсэн чийг ханхлах тийм нэгэн үдэш бүсгүй гэнэ алдан нүгэл хийсэн юмсанж. Төдөлгүй жирэмсэлсэнээ мэдэж, айх, ичихийн зовлонд унажээ.

Тулж ирсэн гайг нуухаар шийдэн мод, олсоор даруулга хийн гэдсээ чанга боох болжээ. Ураг өсөж, гэдэс томрохоор өнөөх эрүү шүүлтийн даруулгаа улам чангалан тэсэхүйеэ бэрх тамлал, өвчинг тэсэн тэвчиж, түүгээр зогсохгүй, өвдөж зовж байгаагаа хэнд ч мэдэгдэлгүй гүйж харайн, ямагт инээмсэглэн ажлаа хийсээр байжээ.
Хүүхдээ хэвлийдээ байхад даруулгаар боож баглан, шахаж хавчин аймшигт эрэмдэг зэмдэг нэгэн болгосон нь тэр байжээ. Гавлынх нь яс гэхэд уртаашаа сунан гонзгойрч, хоёр нүд нь томрон духан дээрээ гарчихсан, хөл гар нь усан үзмийн модны мөчир шиг сунан нарийсч махийж тахийсан, хуруунууд нь шавьжны сарвуу мэт байжээ. Бөгсөн бие нь самар шиг, жижигхэн бөндгөр юм болсон байв гэнэ.

Тэрээр ийм нэгэн зэмдэгийг хаврын нэгэн өглөө тариан талбай дээр гаргажээ. Туслахаар гүйж очсон хүмүүс түүний хэвлийгээс дээр өгүүлсэн аймшигт зэмдэг амьтан гарч ирэхийг үзээд хашгаралдан тарж зугтсан гэх ажгуу. За тэгээд тэр нутгаар чөтгөр төрүүллээ хэмээх яриа тархан шулам хэмээх болжээ. Бас болоогүй ажлаас нь хөөжээ. Ингээд гуйлгаар, бие хаа сайтай бүсгүй байсны хувьд магадгүй биеэ үнэлэн амьдрах болсон юмсанжээ. Эрчүүд тэр болгон ад зэтгэрээс айгаад байдаггүй болохоор тэгэж хэлж байна.

Бүсгүй төрүүлсэн эрэмдэг зэмдэг үрээ үзэн ядах авч өсгөсөөр байжээ. Лам багш үрээ хорловол шүүнэ гэж айлгаагүй бол муу юм болж ч магадгүй байсан байх. Тэгтэл хэрмэл жүжигчид тэр нутгаар явж байгаад хүүхдийн тухай сонсон, өнөө бүсгүйтэй уулзжээ. Хүүхэд таалагдаж, таван зуун франк бэлэн тоолж өгөн авъя гэсэн юм байх. Эхлээд бүсгүй өнөөх араатнаа үзүүлэхгүй ичиж, зовмоглож байснаа мөнгөтэй болж болохыг, бас энд хүмүүсийн шунал хөдөлгөх нэг юм байгааг ухааран өнөөх зэмдэгийнхээ муу болгоныг магтан тариачин эрийн зангаар наймаалцаж гарчээ.

Хуурагдчих вий гэхдээ гэрээ хэлцэл хийн гарын үсэг зурцгаасан юм байх. Бас дээр амласан мөнгөнөөс гадна зэмдэгийг ажилд авсан байдалтайгаар жил бүр дөрвөн зуун франк нэмж төлж байхаар тогтжээ.   

Гэнэтийн олзонд шунал нь асаж, олон олон эрэмдэг зэмдэг төрүүлэн хөрөнгөтөн шиг түрээслэн амьдрах тухай бодох болжээ. Үр төл сайтай болохоор санасанаа амархан хэрэгжүүлж, бас дээр нь жирэмсэн үедээ яаж шахаж дарвал ямар эрэмдэг зэмдэг төрөхийг мэддэг болсон бололтой. Ийнхүү тэрбээр элдэв шавьж, гүрвэл шиг ч хэлбэртэй зэмдэг гаргаж сурчээ. Зарим нь үхэж үрэгдэхэд их уй гашуу болдог байсан гэнэ.

Хуулийнхан оролцон хориглох гэсэн боловч юу ч батлаж, буруутгаж чадаагүй учир тэгсгээд чимээгүй болж, бүсгүй ч зэмдэгээ төрүүлсээр байх болжээ.

Одоо арван нэгэн эрэмдэг зэмдэгийг төрүүлчихсэн, өнөөдүүл нь түүнд жилд тав-зургаан мянган франкийн орлого оруулж байна. Хэрмэл жүжигчид ойр ойрхон эргэж байдаг юм хойно бид хоёрт үзүүлээгүй өнөөхийгөө удахгүй эвийг нь олчих биз. Үнэ хүрнэ гэж тэр үзвэл заримдаа үнэ хаялцуулах ажил ч зохиодог гэнэ.

Ингэж яриад анд минь дуугаа хурааж билээ. Миний дотор муухайран огиудас хүрэн нүд харанхуйлж, багалзуурдаад алчихгүй яавдаа хэмээх бодол толгойд эргэлдэж байсан. Тэгээд би:
-Эцэг нь ямар амьтан байдаг юм бол? гэхэд
-Мэдэхгүй. Нэг ч юм уу нэг хэсэг ч юм уу, юутай ч ил мэдэгдсэн юм сонсогддоггүй юм. Орлогоо хуваадаг ч байж болох шүү дээ гэж билээ.

Тэр эртний, мартчихсан явдал саяхан хөл хөдөлгөөн ихтэй наран шарлагын газар царайлаг, үзэсгэлэнтэй, нүүрэмгий нэгэн хатагтай, олон шүтэн бишрэгчдээрээ бүчүүлчихсэн явахыг хараад санаанд урган орж ирж билээ. Тэдний дэргэдүүр би амралтын газрын эмч нэгэн нөхөртэйгээ өнгөрч явсан юм. Явж байтал газар дээр хэдэн жигтэйхэн юм хөрвөөж байхыг хирдхийн харвал эрэмдэг зэмдэг, тахир дутуу гурван бяцхан амьтан байх нь тэр.   

Эмч анд маань надад:
-За тэр, сая тааралддаг сайхан хүүхний бүтээл энэ дээ гэв.   

Зүрх рүү ёгхийн хатгаж, бүсгүйг ч, хүүхдүүдийг ч өрөвдөх сэтгэл төрөв. Тэгээд:
-Хөөрхий эх! Яаж инээж байгаа юм болдоо! хэмээвэл нөхөр маань:
-Найз минь, тэрнийг өрөвдөөд хэрэггүй. Золгүй хүүхдүүдийг л бод. Нарийн бэлхүүсээ жирэмсний сүүлчийн өдөр хүртэл хадгалах гэсний үр дүн энэ. Даруулганы гайгаар буй болсон эрэмдэг шүү дээ. Энэ бүсгүй амь амьдралаараа дэнчин тавьж байгаагаа ч мэдэж байгаа хүн. Гоо үзэсгэлэнтэй, олны нүд булааж явахын донд автаад юугаа ч хайрлахгүй байна гэсэн үг.   

Энэ үед би өөр нэгэн бүсгүй болох төрүүлсэн зэмдэгүүдээрээ наймаа хийж байсан тосгоны Шуламын тухай бодож байж билээ.   

Ги де Мопассан   

Орчуулсан Норовын Пүрэвдагва   


11 сэтгэгдэл:

null
Оранж

Ээмэр ийн тэ?

naina (зочин)

hi estoi goy zohiol bn bayrlalaa

Ицми

барби хэлэхгүй явсан... аймааарррр муухай санагдсан... муудлаа

Pearle Deppsu (зочин)

Үнэхээр сонирхолтой нийтлэл байна.

дурлагч

Гэдсээрээ хүлэхээр хүүхэд нь гаж төрдөг гэж ерөөсөө бодож байгаагүй юм байна. Чиний байгаа газрын сонин сайханы талаар нэг сайхан бичлэг оруулна биз дээ?

suno (зочин)

uneheer aimar yum gehdee goe taalagdlaa

barbie

Aimshigiinduu oguulleg gej uridchilj sanuulaaguid sorry. Barbie-n pc kirill usgiin font suulgaagui tegeed holland xeleer xamag yum ni garch ireed uchraan oloxgui l suujiina. Odooxondoo endexiig sain sudlaagui bn. tegj bgaad adal yavdaltai uchraxaaraa bicheed bicheed yavchinaa za xe xe

ntsoom

Huleegeed l bgaa shuudee goyo bichleg

barbie

кириллээр бичиx аргаа дөнгөж олж эxэлжийнэ. Бичнээ бичнэ бичийшт кккк

Үлэмжийн чанар

Ирэхдээ ганц юмтай модон гуталтай ирээрэй нтр

Undriga

Пээ, энэ одоо зүгээр л зохиол л байлгүй дээ тиймээ. Амьдрал дээр арай ийм дотор нь арилчихсан эхчүүд гэж байхгүй байхаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)